Wednesday, November 16, 2016

        Артерийн даралт ихдэх өвчинөөс урьдчилан сэргийлье. /Артерийн гипертензи/
Тодорхойлолт: Хэдэн удаагийн (доод тал нь 4-6 удаа) хэмжилтээр СД 140 мм МУБ буюу түүнээс дээш, ДД 90 мм МУБ буюу түүнээс дээш хэмжээнд байхыг Артерийн Гипертензи гэнэ.
Мөн даралт бууруулах эм хэрэглэсний дараа хэмжихэд даралт хэвийн хэмжээнд байвал Даралт ихсэх өвчин гэж үздэг.
Тархалт: Зүрх судасны өвчлөл нь монгол улсын нийт хүн ам дундах өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. 2009 оны байдлаар ЗС-ны өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 34.4% нь АГ-тэй байсан. Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшинг тогтоох STEPS 2009 оны судалгааны дүнгээс үзэхэд эрэгтэйчүүдийн 45-54 насныхны 54.9%, 55-64 насныхны 71.3% нь, эмэгтэйчүүдийн дунд 45-54 насныхны 52.1%, 55-64 насныхны 66% нь тус тус АГ-тэй байна. Уг судалгаагаар шинээр оношлогдсон АГ-тэй хүмүүсийн тал хувь нь урьд нь АД-аа хэмжүүлж байгаагүй болох нь тогтоогдсон.Шалтгаан нөхцөл: Артерийн гипертензийг анхдагч ба хоёрдогч гэж ангилна. Анхдагч гипертензи нь хамгийн элбэг буюу нийт өвчтөнүүдийн 90%-95% -д тохиолдох ба шалтгаан нь одоог хүртэл нарийн тодорхойлогдоогүй боловч дараах нөхцөл байдал өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлс болдог. Үүнд:
• Давсны хэрэглээ өндөр байх буюу өдөрт 5.8 гр аас их байх
• Өөх тостой хоолны хэрэглээ
• Хорт зуршил /архи,тамхины хэрэглээ/
• Хөдөлгөөны хомсдол
• Ажил үйлдвэрийн үр дагавар
• Мэдрэл сэтгэхүйн гэмтэл /сэтгэл хөдлөл, цочрол/
• Удамшил
Харин хоёрдогч АГ буюу шинж тэмдгийн артерийн даралт ихдэх хэлбэр нь ямар нэг анхдагч өвчний улмаас үүснэ. Нийт өвчлөгсдийн 5% -10%-д л тохиолдоно. Шалтгаан нь: Бөөрний эмгэгүүд, бөөрний дээд булчирхайн хавдар, таргалалт, бодисын солилцооны эмгэгүүд, зүрх судасны эмгэгүүд, дотоод шүүрлийн эмгэгүүд
Ангилал:
Артерийн даралт 120/80 аас бага байх нь хамгийн тохиромжтой.
Хэрэв 120/80-аас 129/84 байвал хэвийн даралт, 130/85-аас 139/89 байвал хэвийн дээд хязгаар гэнэ.
Хэрэв 140/90 –ээс 159/99 байвал Артерийн даралт ихдэх өвчний нэгдүгээр үе
Хэрэв 160/100-аас 179/109 байвал Артерийн даралт ихдэх өвчний хоёрдугаар үе
Хэрэв 180/110-аас их байвал Артерийн даралт ихдэх өвчний гуравдугаар үе
Хэрэв 200/130-аас их байвал артерийн гипертензийн криз гэнэ
Эмнэлзүй:
Хүндрэл үүсээгүй тохиолдолд буюу нэгдүгээр шатанд байхад бодит үзлэгээр онц шинж тэмдэг илрэхгүй, ихэвчлэн тохиолдлоор эсвэл урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрнэ.
Өвчний 2-р шатанд АД өндөр болсонтой холбоотойгоор ихэнх тохиолдолд өвчтөнд хүзүү хөших, толгой өвдөх, дотор муухайрах, амархан ядрах, ажлын чадвар буурах зэрэг шинжүүд илэрнэ. Мөн энэ шатанд ихэвчлэн зүрхний зүүн ховдол томорсонтой холбоотойгоор зүрх дэлсэх, зүрхээр өвдөх, амьсгаадах, хавагнах шинжүүд илэрч болно.
Өвчний 3-р шатанд зүрх, бөөр, тархи, нүдний судсанд өөрчлөлт орсонтой холбоотойгоор шинж тэмдэгүүд илэрнэ.
• Зүрхний талаас: зүрхээр өвдөх, зүрх дэлсэх, амьсгаадах, хавагнах, хэм алдагдах, зүрхний шигдээс болох эрсдэл өндөрсөнө.
• Тархины талаас: цус харвалт үүсч органик өөрчлөлт үүссэнээр дээд, доод мөчний хөдөлгөөн гэмтэж, мэдрэхүй өөөрчлөгдөнө. Ой тогтоолт буурна, оюун ухаан суларна, нойр хямарна, хэл ээдрэнэ.
• Бөөрний талаас: арьс загатнах, арьсанд цусархагшил илрэх, уремийн хордлогод орох, бөөрний дутагдалд хүрэх.
• Нүдний талаас: хараа муудах, нүдэнд цус харвах гэх мэт шинжүүд илэрнэ.
Оношлогоо:
Цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр гемоглобин болон гематокрит үзнэ
Цусны биохимийн шинжилгээгээр: холестерин, триглицерид, сахар, уургийн фракци, креатинин, мочевин үзнэ.
Шээсний ерөнхий шинжилгээ: уураг, улаан эс тодорхойлно.
ЭКГ: зүрхний эмгэгийг илрүүлэх зорилгоор хийнэ. Шаардлагатай тохиолдолд зүрхний эхо шинжилгээ.
Рентген шинжилгээ: зүүн ховдлын томрол, гол судасны байдалд үнэлгээ өгнө. Шаардлагатай тохиолдолд СТ.
Эхо: бөөр, элэг дэлүүний байдлыг үзнэ.
Нүдний уг дурандаж артерийн судсын байдлыг үнэлнэ.
Эмчилгээ:
АГ-ийн аль ч үе шатанд хоол хөдөлгөөн эмчилгээ маш чухал үүрэгтэй. Эмэн эмчилгээг өвчний үе шат, хоолны дэглэм болон хөдөлгөөнд артерийн даралт хэр бууж байгаагаас хамааран эмийн төрөл, тунг эмчлэгч эмч сонгоно. Эмчийн зөвлөсөн эмийг тогтмол цагт, даралт ихсээгүй үед ч гэсэн ууж хэрэглэнэ.
Мөн хорт зуршлыг шууд хаях нэн шаардлагатай.
Хоолны дэглэм:
• Давсны хэрэглээг бууруулах
Хоногт 5.8 гр-аас бага давс хэрэглэх, цайг давсгүй уух, давсалсан, даршилсан, утсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байх
• кали их хэмжээгээр агуулсан байгалийн гаралтай бүтээгдэхүүн жимс, жимсгэнэ хэрэглэх
• тослог багатай сүү болон сүүн бүтээгдэхүүн, ханасан өөх тосны хүчил багатай, кали ихтэй бүтээгдэхүүн зонхилсон хэрэглэх
• Амьтны гаралтай өөх тос, өөх ихтэй тарган махны хэрэглээг багасгах
• Долоо хоногт доод тал нь 2 өдрийн загасны эсвэл алимны өдөр болгох
• Ургамлын тос (наранцэцгийн, чидун жимсний г.м.), ургамлын тосноос гаргаж авсан маргариныг хоолондоо хэрэглэх, талханд цөцгийн тосны оронд түрхэж идэх
• Халуун ногооны хэрэглээг хязгаарлах
Хорт зуршил:
• Архины хэрэглээг зогсоох – Архи нь АД буулгах эмийн нөлөөг сулруулдаг ба архины хэрэглээг хязгаарлахад СД болон ДД үлэмж хэмжээгээр буурдаг болох нь туршилтаар батлагдсан.
• Тамхинаас гарах – хамгийн үр дүнтэй нь бөгөөд дангаар хэрэгжүүлэхэд ЗС-ны олон өвчнөөс сэргийлж чаддаг урьдчилан сэргийлэлтийн том арга хэмжээ.
Хөдөлгөөн:
• Дунд зэргийн эрчимтэй дасгал, хөдөлгөөнийг өдөрт 30-45 минут тогтмол хийх. Үүнд: биеийн тэсвэр тэвчээр шаардсан хурдан алхах, шогшин гүйх, усанд сэлэх гэх мэт дасгал хөдөлгөөнүүд орно. Нэмэлтээр булчингийн эсэргүүцэл сайжруулах дасгалуудыг нэмэлтээр хийх боломжтой.
Артерийн гепиртензи өвчин оношлогдох үед дагалдаж уг өвчний эрсдэлийн үнэлгээ хийгддэг. Өөрөөр хэлбэл дараагийн 10 жилд аминд халтай нөлөө үзүүлэх эрсдэлийн хэмжээг тогтоодог. Уг үзүүлэлтүүдэд тухайн хүний нас, хүйс, тамхины хэрэглээ, өвчний цусан дахь холестерол болон артерийн даралтын хэмжээ ордог.
Урьдчилан сэргийлэлт:
Хэдийгээр таньд артерийн гипертензи гэсэн онош тавигдаагүй ч гэсэн хэрвээ та 40-өөс дээш настай бол дээр зөвлөсөн хоол болон хөдөлгөөний дэглэмийг баримтална уу. Мөн та тамхи татдаг, архи хэрэглэдэг бол эдгээр зуршлаа хаяхыыг таньд зөвлөж байна.
Мөн та 3 хамгийн холдоо 3 сард нэг удаа даралтаа хэмжүүлж байгаарай.
Эх сурвалж: 1. Насанд хүрэгчдийн артерийн гипертензийн эмнэлзүйн удирдамж.
Хэрвээ та улаан бурхан, томуу, сүрьеэ зэрэг амьсгалын замаар халдварладаг өвчин туссан бол МАСК тогтмол зүүх хэрэгтэй, өөрийхөө төлөө болон бусдын төлөө үүнийг заавал хийх хэрэгтэй!!!! Мөн өөрийн эрүүл мэндийн төлөө урьдчилан сэргийлж эдгээр өвчнийг тусахгүй байхын тулд маск зүүж байх хэрэгтэй
Маскыг 2 цаг тутамд сольж зүүж байх шаардлагатай.

Wednesday, August 10, 2016

                                                                      ХӨХНИЙ СҮҮНИЙ 12 АЧ ТУС


 
Эхийн сүүний өглөөний найрлага нь оройныхоосоо, нэг сартай хүүхдийн сүүний найрлага нь долоо сартайгийнхаасаа өөр байдгийг та мэдэх үү? Эхийн сүүний талаар мэдүүштэй мэдээллүүд…


Эхийн сүү маш их ач тустай гэдгийг хүн бүр мэддэг ч, яг юунд сайн гэдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Эхийн сүү нь лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай  элементээс бүрдсэн найрлагатай бөгөөд хүүхдийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээнд зориулагдан найрлага нь байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг байна.

Эхийн сүү нь өөрийнхөө хүүхдэд л тусгай зориулагдсан байдаг хэмээн мэргэжлийн эмч нар онцолж, эхийн сүүний 12 ач тусыг ийнхүү жагсаасан байна.

1. Дөнгөж төрсөн нярай хүүхдийн хувьд хамгийн сайн хоол дангаараа эхийн сүү юм: Хүний амьдралын эхний 6 сарын туршид өөр ямар нэгэн нэмэлт хоол тэжээлийн шаардлагагүйгээр түүний бүхий л хэрэгцээг эхийн сүү дангаараа хангаж чаддаг. Энэ үед хүүхдэд нэмэлтээр уулгах ганцхан дэмжлэг бол Д аминдэм юм…

2. Ээж бүрийн сүү нь өөрийн хүүхдэдээ тусгай үйлчилгээтэй: Эхийн сүүнд үнээний сүүнд байдаггүй, лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй нийлмэл элемент агуулагддаг байна. Түүнчлэн эхийн сүү орлуулагч /хайрцаг, шилтэй бэлэн бүтээгдэхүүн/-аас ялгаатай нь эхийн сүү хүүхдийнхээ хэрэгцээг даган найрлагаа байнга өөрчлөн, шинэчилж байдаг. Жишээ нь: Эхийн сүүний өглөөний найрлага нь оройныхоосоо, нэг сартай хүүхдийн сүүний найрлага нь долоо сартайгийнхаасаа өөр байдаг байна. Мөн дутуу төрсөн хүүхдийн эхийн сүүний найрлага нь хугацаандаа төрсөн хүүхдийнхээс өөр байдаг нь тогтоогдсон байдаг.

3. Амархан шингэдэг: Эхийн сүү бол нярай хүүхдийн дөнгөж хөгжиж буй, эмзэгхэн хоол боловсруулах системд яг тохирсон. Эхийн сүүнд агуулагддаг уураг, тос нь үнээний сүүнийхтэй харьцуулахад илүү амархан шингэдэг. Ерөнхийдөө эхийн сүүгээр хооллодог хүүхдэд өтгөн хаталт, шингэн алдалт бараг илэрдэггүй. Дан ганц эхийн сүүгээр хооллож байх нөхцөлд бүрэлдэн бий болдог гэдэсний өнгөр нь элдэв үрэвсэл, шингэн алдахаас хамгаалж байдаг байна.

4. Илүү бага натри (давс), уураг: Эхийн сүүний найрлаган дахь давс, уураг нь үнээний сүүнд байдгаас хамаагүй бага байдаг учир дөнгөж төрсөн хүүхдийн хөгжиж буй бөөрний шүүх чадварт нийцдэг.

5. Илүү бага харшлах эрсдэл: Эхийн сүүгээр хооллодог нярай хүүхдийн хувьд эхний 6 сардаа болон нэмэлт хоолонд орох үед нь ч тэр хоол хүнсний тал дээр ямар нэгэн харшил өгөх нь угжны хүүхэдтэй харьцуулахад харьцангуй бага байдаг байна.

6. Илүү их кальци ба төмрийн шимэгдэл: Эхийн сүүнд агуулагддаг кальци, төмөр зэрэг нь үнээний сүүний найрлагатай эхийн сүүний орлуулагчтай харьцуулахад илүү сайн шимэгдэж, хүүхдийн цусны эргэлтийн системд шилждэг байна. Эхийн сүүгээр хооллодог хүүхдэд төмрөөс үүдэлтэй цус багадалт төдийлөн илэрдэггүй.

7. Арьсанд нөлөө: Эхийн сүүгээр хооллодог хүүхэд шээс, баасандаа илүү бага түлэгддэг.

8. Дархлааг сайжруулдаг: Эхийн сүү бол хүүхдийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэг дархлааны анкор хэмээх бодисыг дамжуулж дархлааны системийг нь сайжруулж байдаг. Эхийн сүүгээр хооллодог хүүхдэд чихний үрэвсэл, ханиад зэрэг өвчнөөр бага өвчилдөг, эмнэлэгт хэвтэхээр нян бактерийн гаралтай өвчнөөр өвчлөх нь харьцангуй бага байдаг.

9. Хэт таргалалтаас хамгаалдаг: Эхийн сүү нь хүүхдийг насанд хүрсэн хойно нь ч гэсэн хэт таргалалтаас хамгаалдаг.

10. Сэтгэлзүйн хөгжилд ач тустай: Эхийн сүүгээр хооллох явцад эх-хүүхдийн хооронд дотны нандин холбоос үүсч байдаг. Энэ нь хүүхдийг сэтгэлзүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлж, эх-хүүхдийн холбоосыг бэхжүүлж өгдөг.

11. Эхийн сүү байнга бэлэн байдаг: Үргэлж хэрэглэхэд бэлэн, ариутгагдсан, байнга бүлээхэн байдаг. Хүүхдэд хэрэгцээтэй үед хаана ч, хэзээ ч бэлэн байдаг. Хамгийн чухал нь үнэ төлбөргүй.

12. Эхийг хамгаалж байдаг: Хөхүүл эхчүүдийг хөхний болон савны хавдраас бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү сайн хамгаалж байдаг.

2 нас хүртэл нь хүүхдийг эхийн сүүгээр хооллох хэрэгтэй
Хүүхдийг төрсний дараах эхний 6 сард дан ганцхан эхийн сүүгээр хооллож, 6 сараас нь хойш нэмэлт хоолонд оруулах хэрэгтэй. Нэмэлт хоолонд дасгах явцад үндсэн хоол нь эхийн сүү байх бөгөөд хүүхэд 1 нас хүрэхэд хүүхдийн хоолны 30 хувийг эхийн сүү эзэлж байх ёстой. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар хүүхдийг эхийн сүүгээр хоол тэжээлийнх нь зэрэгцээ 2 нас хүртэл нь хооллохыг зөвлөдөг.
                                          ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ!

Тарваган тахал нь Yersinia pestis савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь бүүрэгний ходоод, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай. 

Халдвар хэрхэн дамжих вэ?
1. Шууд хавьтлын замаар: Өвчилсөн амьтныг агнах, өвчих, арьс маханд хүрэлцэх явцад мөн өвчтнийг асрах, сувилах, халдварлагдсан эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцах
2. Хоол боловсруулах замаар: Өвчилсөн тарваганы түүхий эд /мах, цөс, хүн мах, арьс г.м/ болон дутуу боловсруулсан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх
3. Агаар дуслын замаар: Нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар өвчилсөн хүнээс
4. Дам халдварын замаар: Мэрэгч амьтдын бөөс бүүрэгт хазуулах тохиолдолд халдвар дамжина.

Илрэх шинж тэмдэг:
Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа нь хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног байна. Шинж тэмдэг нь гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх гэх мэт ерөнхий хордлогын шинжүүд илрэхээс гадна арьс салстаар халдвар авсан үед нян орсон хэсэгт улайж толбо гүвдрүү үүсэн, цусархаг шүүдэс бүхий цэврүү болох мөн булчирхай томорч хүчтэй эмзэглэх, өвдөх
Амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, амьсгаадах, цэртэй ханиалгах, цэр нь эхэн үедээ хөөсөрхөг, цусны судалтай гарч дараа нь цэвэр цусаар ханиалгах


Хоол боловсруулах замаар халдвар авсан үед хэвлий хэсгээр хүчтэй өвдөлт өгч бөөлжих, суулгах, заримдаа цусаар бөөлжих, суулгах шинжүүд илэрнэ.

Урьдчилан сэргийлэлт:

1. Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээллэх
2. Халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах
3. Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх
4. Тарвага агнах өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх
5. Тарваган тахал өвчний эсрэг вакцинд :


- Байгалийн голомтот халдварт өвчнийг судлах байгууллагад ажиллагсад
- Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид
- Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч хүмүүс сэргийлэх  вакцинд хамрагдах шаардлагатай юм.