Monday, January 11, 2016



СЭРЭМЖЛҮҮЛЭГ


Хүйтний эрч чангарч, томуугийн вирүсийн шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул ард иргэддээ дараахи зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Дэлхийн хүйтэн сэрүүн уур амьсгалтай улс орнуудын нэгэн адил манай улсад жил бүрийн өвөл, хаврын улиралд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол нэмэгдэж, 2-3 дэгдэлт үүсгэдэг зүй тогтол ажиглагддаг билээ.
Иймд:
-Бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол аль болох гэрээс гарахгүй байх;
-Амны хаалт хэрэглэх;
-Гарын ариун цэврийг сайтар сахих;
-Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх;
-Биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уулгах;
-Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах;
-Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, агаарын сэлгэлтийг байнга хийх;
-Хэрвээ ТТӨ-ий шинж тэмдэг илэрвэл Өрхийн Эрүүл МэндийнТөвдөө хандах хэрэгтэй.
-Цаг алдаж болохгүй. Бага насны хүүхэд амархан хүндэрдэг гэдгийг санаж, халамж анхаарлаа бууруулж болохгүй байхыг тус тус зөвлөж байна.


 МЭДС ТОБ ӨЭМТөвийн бага эмч Б.Эрдэнэчимэг


ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД АНХААРУУЛЖ БАЙНА.


Эцэг, эх, асран хамгаалагчид ард иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.
ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛ
•Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байх
•Бага насны хүүхдийг насанд хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүнээр харуулахаас зайлсхийх
•Бага насны хүүхдийг сургууль, цэцэрлэгт харгалзах хүнгүй явуулахгүй байх
•Өөрийгөө болон бусдыг гэмтээх тоглоомоор (үрлэн сумтай буу, чавх.. г.м) хүүхдийг тоглуулахгүй байх
•10 доош насны хүүхдийг “Уралдааны морь” унахыг хориглох ба өвлийн улиралд хүүхдийг морь унуулахгүй байх
•Өвлийн улиралд бага насны хүүхдийг морь, мотоцикль дээр авч явахгүй байх.



ТА ОСОЛ ГЭМТЛЭЭС ҮР ХҮҮХДЭЭ УРЬДЧИЛАН ХАМГААЛЖ ЧАДАЖ БАЙНА УУ?

ОСОЛ ГЭМТЭЛ гэдэг нь санамсаргүй байдлаар хүүхдийн биед  механик болон  хэт халуун хүйтэн үйлчлэлийн нөлөөгөөр их бага хэмжээний гэмтэл учрахыг хэлнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар хүүхдийг осол гэмтлээс сэргийлж чадвал өдөрт  2000 хүүхдийн  амь нас эрүүл мэндийг аврах  боломжтой гэжээ. Дэлхий дахинд осол гэмтлийн улмаас жилд 5 сая хүн нас бардаг байна.
Хүүхдийн осол гэмтлийн гол шалтгаан нь ахуйн осол гэмтэл байдаг.  Эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй байдлаас 90% шалтгаалдаг гэсэн судалгаа байдаг. Үүнд:
  • Халуун ус, цай, хоол, цахилгаан зуух, тогоонд түлэгдэх
  • Ахуйн хэрэглээний химийн бодис орсон уксус, белизна, аяга таваг угаагч шингэн болон эм, тариа уух
  • Юмнаас авирч унах
  • Бага насны хүүхэд амандаа жижиг зүйлс хийж хахах
  • Хүнд тавиур, номын шүүгээнд дарагдах
  • Хурц үзүүртэй хайч, хутганд хатгагдах
  • Цахилгаанд цохиулах
  • Гэр хорооллын айлын  савтай ус таглаагүй тавьсан үед хүүхэд толгойгоороо ус руу унах
  • Баннанд орж буй үед ганцааранг нь орхисноос хүүхэд ус залгих, живэх г.м.
Хүүхдийн гэмтлийн дараагийн шалтгаан нь зам тээврийн осол аваар юм.
Ахуйн болон зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд та  дараах зүйлсийг анхаарна уу:
  • Бага насны хүүхдийн гар хүрэхээргүй газар халуун цай, ус,тогоо зэргийг байрлуулах
  • Бага насны хүүхэд ширээний бүтээлэгнээс татаж өөр дээрээ юм унагаадаг тул бүтээлэг хэрэглэхээс татгалзах
  • Эмийн сав нь хялбар онгойхгүй таг, цоожтой байж, хүүхдийн гар шууд хүрэхээргүй газарт байрлуулах
  • Хүүхдийг байнгын хараа хяналттай байлгахад анхаарах
  • Бага насны хүүхдэд залгихаар жижиг зүйл өгч тоглуулахгүй байх
  • Хурц үзүүртэй хайч, хутгыг далд газар хийх, хүүхдийн гар хүрэхгүй газарт тавих
  • Аливаа цахилгаан хэрэгслийг бага насаы хүүхдээс хол байрлуулах
  • Гэр хороолол болон зусланд гарах үедээ усны саваа хүүхэд онгойлгохгүй бат бөх таглаатай байлгах
  • Баннанд усанд оруулж байх үедээ ганцааранг нь богино хугацаагаар ч орхихгүй байх
  • Бага насны хүүхдийг зам гарахдаа гарцаар хөтөлж явах, ганцаарангийн явуулахгүй байх, гэрлэн дохиог зааж сургах
Эдгээр санамжуудыг та бүхэн амьдралдаа хэрэгжүүлэн энхрий бяцхан үрсээ золгүй тохиолдол, аюул ослоос сэргийлээрэй.
МЭДС ТОБ ӨЭМТөвийн бага эмч Б.Эрдэнэчимэг