Tuesday, February 16, 2016



                           Улаан бурхан – Корь өвчний тухай
Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, агаар дуслын замаар тархан халдварладаг, өндөр халдвартай, цочмог өвчин юм.
Эх уурхай нь: Халдвар авсан хүн.
Вирус амьсгалын дээд замд байрлаж ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж, шүргээд өнгөрөх төдийд халдвар авах боломжтой. Урьд нь өвчилсөн болон дархлаажуулагдсан эхээс төрсөн хүүхэд эхээсээ дархлаа авдаг учраас эхний 3 сард энэ өвчнөөр өвчлөхгүй. Үүнээс хойш дархлаажуулалт хийгдээгүй тохиолдолд улаан бурханаар өвчлөх боломжтой.
Уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд 100% насан туршийн дархлаа тогтоно, харин вакцины үр дүнд 90%д нь дархлаа тогтож, 20 ба түүнээс дээш жил хадгалагдана.
Улаанбурхан өвчний үед дараах шинж тэмдэг илэрнэ.
Урьтал үед:
Халуурах- 1-4 өдөр үргэлжилнэ.
Нүдны салст үрэвсэх
Хамраас нус гоожих
Ханиалгах
Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
Бие сулрах, цочромхой болох, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дур буурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрнэ.
Ид үед дээрхи шинж тэмдэг дээр нэмэгдээд нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гарна. Тууралт арилахдаа гарсан дарааллаараа ялимгүй хогжруут гуужилт бүхий хүрэн бор өнгийн нөсөө үүсэх ба 1-3 долоо хоногийн дараа арилна.
Эмчилгээ:
Хүндрээгүй үед гэрээр эмчилнэ
– Хүүхдийг тусгаарлан хэвтрийн дэглэм бариулна
– Чанартай хөнгөн хоол, шингэн их уулгана
– Витамин эмчилгээ хийнэ. / +А витаминыг эмчийн заалтаар уулгана./
Хамгийн гол нь асаргаа сувилгаа:
o Амны хөндийг буцалсан ус, 2%-ийн содын уусмалаар зайлуулна
o Нүдийг 20%-ийн сульфацил натрийн уусмалаар өдөрт 3-4 удаа 2-3 дуслаар дусаах, буцалсан усаар угаах
o Ор дэрний хэрэглэл цэвэр байлгах зэргээр ариун цэвэр сайн сахих
o Өрөөг дулаан чийглэг, агааржуулалт сайтай байлгах. Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх
Хүндэрсэн үед эмнэлэгт хэвтүүлж эмчийн хяналтад эмчлүүлнэ.
Анхааруулга:
Халууралт, тууралт бүхий өвчний шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах, эсвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утаснаас зөвлөгөө авах, дуудлага дуудан үзүүлэх боломжтой.