Wednesday, August 10, 2016

                                                                      ХӨХНИЙ СҮҮНИЙ 12 АЧ ТУС


 
Эхийн сүүний өглөөний найрлага нь оройныхоосоо, нэг сартай хүүхдийн сүүний найрлага нь долоо сартайгийнхаасаа өөр байдгийг та мэдэх үү? Эхийн сүүний талаар мэдүүштэй мэдээллүүд…


Эхийн сүү маш их ач тустай гэдгийг хүн бүр мэддэг ч, яг юунд сайн гэдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Эхийн сүү нь лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай  элементээс бүрдсэн найрлагатай бөгөөд хүүхдийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээнд зориулагдан найрлага нь байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг байна.

Эхийн сүү нь өөрийнхөө хүүхдэд л тусгай зориулагдсан байдаг хэмээн мэргэжлийн эмч нар онцолж, эхийн сүүний 12 ач тусыг ийнхүү жагсаасан байна.

1. Дөнгөж төрсөн нярай хүүхдийн хувьд хамгийн сайн хоол дангаараа эхийн сүү юм: Хүний амьдралын эхний 6 сарын туршид өөр ямар нэгэн нэмэлт хоол тэжээлийн шаардлагагүйгээр түүний бүхий л хэрэгцээг эхийн сүү дангаараа хангаж чаддаг. Энэ үед хүүхдэд нэмэлтээр уулгах ганцхан дэмжлэг бол Д аминдэм юм…

2. Ээж бүрийн сүү нь өөрийн хүүхдэдээ тусгай үйлчилгээтэй: Эхийн сүүнд үнээний сүүнд байдаггүй, лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй нийлмэл элемент агуулагддаг байна. Түүнчлэн эхийн сүү орлуулагч /хайрцаг, шилтэй бэлэн бүтээгдэхүүн/-аас ялгаатай нь эхийн сүү хүүхдийнхээ хэрэгцээг даган найрлагаа байнга өөрчлөн, шинэчилж байдаг. Жишээ нь: Эхийн сүүний өглөөний найрлага нь оройныхоосоо, нэг сартай хүүхдийн сүүний найрлага нь долоо сартайгийнхаасаа өөр байдаг байна. Мөн дутуу төрсөн хүүхдийн эхийн сүүний найрлага нь хугацаандаа төрсөн хүүхдийнхээс өөр байдаг нь тогтоогдсон байдаг.

3. Амархан шингэдэг: Эхийн сүү бол нярай хүүхдийн дөнгөж хөгжиж буй, эмзэгхэн хоол боловсруулах системд яг тохирсон. Эхийн сүүнд агуулагддаг уураг, тос нь үнээний сүүнийхтэй харьцуулахад илүү амархан шингэдэг. Ерөнхийдөө эхийн сүүгээр хооллодог хүүхдэд өтгөн хаталт, шингэн алдалт бараг илэрдэггүй. Дан ганц эхийн сүүгээр хооллож байх нөхцөлд бүрэлдэн бий болдог гэдэсний өнгөр нь элдэв үрэвсэл, шингэн алдахаас хамгаалж байдаг байна.

4. Илүү бага натри (давс), уураг: Эхийн сүүний найрлаган дахь давс, уураг нь үнээний сүүнд байдгаас хамаагүй бага байдаг учир дөнгөж төрсөн хүүхдийн хөгжиж буй бөөрний шүүх чадварт нийцдэг.

5. Илүү бага харшлах эрсдэл: Эхийн сүүгээр хооллодог нярай хүүхдийн хувьд эхний 6 сардаа болон нэмэлт хоолонд орох үед нь ч тэр хоол хүнсний тал дээр ямар нэгэн харшил өгөх нь угжны хүүхэдтэй харьцуулахад харьцангуй бага байдаг байна.

6. Илүү их кальци ба төмрийн шимэгдэл: Эхийн сүүнд агуулагддаг кальци, төмөр зэрэг нь үнээний сүүний найрлагатай эхийн сүүний орлуулагчтай харьцуулахад илүү сайн шимэгдэж, хүүхдийн цусны эргэлтийн системд шилждэг байна. Эхийн сүүгээр хооллодог хүүхдэд төмрөөс үүдэлтэй цус багадалт төдийлөн илэрдэггүй.

7. Арьсанд нөлөө: Эхийн сүүгээр хооллодог хүүхэд шээс, баасандаа илүү бага түлэгддэг.

8. Дархлааг сайжруулдаг: Эхийн сүү бол хүүхдийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэг дархлааны анкор хэмээх бодисыг дамжуулж дархлааны системийг нь сайжруулж байдаг. Эхийн сүүгээр хооллодог хүүхдэд чихний үрэвсэл, ханиад зэрэг өвчнөөр бага өвчилдөг, эмнэлэгт хэвтэхээр нян бактерийн гаралтай өвчнөөр өвчлөх нь харьцангуй бага байдаг.

9. Хэт таргалалтаас хамгаалдаг: Эхийн сүү нь хүүхдийг насанд хүрсэн хойно нь ч гэсэн хэт таргалалтаас хамгаалдаг.

10. Сэтгэлзүйн хөгжилд ач тустай: Эхийн сүүгээр хооллох явцад эх-хүүхдийн хооронд дотны нандин холбоос үүсч байдаг. Энэ нь хүүхдийг сэтгэлзүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлж, эх-хүүхдийн холбоосыг бэхжүүлж өгдөг.

11. Эхийн сүү байнга бэлэн байдаг: Үргэлж хэрэглэхэд бэлэн, ариутгагдсан, байнга бүлээхэн байдаг. Хүүхдэд хэрэгцээтэй үед хаана ч, хэзээ ч бэлэн байдаг. Хамгийн чухал нь үнэ төлбөргүй.

12. Эхийг хамгаалж байдаг: Хөхүүл эхчүүдийг хөхний болон савны хавдраас бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү сайн хамгаалж байдаг.

2 нас хүртэл нь хүүхдийг эхийн сүүгээр хооллох хэрэгтэй
Хүүхдийг төрсний дараах эхний 6 сард дан ганцхан эхийн сүүгээр хооллож, 6 сараас нь хойш нэмэлт хоолонд оруулах хэрэгтэй. Нэмэлт хоолонд дасгах явцад үндсэн хоол нь эхийн сүү байх бөгөөд хүүхэд 1 нас хүрэхэд хүүхдийн хоолны 30 хувийг эхийн сүү эзэлж байх ёстой. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар хүүхдийг эхийн сүүгээр хоол тэжээлийнх нь зэрэгцээ 2 нас хүртэл нь хооллохыг зөвлөдөг.
                                          ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ!

Тарваган тахал нь Yersinia pestis савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь бүүрэгний ходоод, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай. 

Халдвар хэрхэн дамжих вэ?
1. Шууд хавьтлын замаар: Өвчилсөн амьтныг агнах, өвчих, арьс маханд хүрэлцэх явцад мөн өвчтнийг асрах, сувилах, халдварлагдсан эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцах
2. Хоол боловсруулах замаар: Өвчилсөн тарваганы түүхий эд /мах, цөс, хүн мах, арьс г.м/ болон дутуу боловсруулсан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх
3. Агаар дуслын замаар: Нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар өвчилсөн хүнээс
4. Дам халдварын замаар: Мэрэгч амьтдын бөөс бүүрэгт хазуулах тохиолдолд халдвар дамжина.

Илрэх шинж тэмдэг:
Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа нь хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног байна. Шинж тэмдэг нь гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх гэх мэт ерөнхий хордлогын шинжүүд илрэхээс гадна арьс салстаар халдвар авсан үед нян орсон хэсэгт улайж толбо гүвдрүү үүсэн, цусархаг шүүдэс бүхий цэврүү болох мөн булчирхай томорч хүчтэй эмзэглэх, өвдөх
Амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, амьсгаадах, цэртэй ханиалгах, цэр нь эхэн үедээ хөөсөрхөг, цусны судалтай гарч дараа нь цэвэр цусаар ханиалгах


Хоол боловсруулах замаар халдвар авсан үед хэвлий хэсгээр хүчтэй өвдөлт өгч бөөлжих, суулгах, заримдаа цусаар бөөлжих, суулгах шинжүүд илэрнэ.

Урьдчилан сэргийлэлт:

1. Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээллэх
2. Халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах
3. Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх
4. Тарвага агнах өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх
5. Тарваган тахал өвчний эсрэг вакцинд :


- Байгалийн голомтот халдварт өвчнийг судлах байгууллагад ажиллагсад
- Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид
- Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч хүмүүс сэргийлэх  вакцинд хамрагдах шаардлагатай юм.


ХАЧГААР ДАМЖДАГ ХАЛДВАРТ  ӨВЧИН


Дэлхий дахинд  хачгаар дамжин халдварладаг нян, вирүс, эгэл биетэн, риккетсиэр үүсгэгддэг 28 төрлийн өвчин бүртгэгддэг.  Манай улсад хачигт энцефалит өвчин бүртгэгддэг байсан бол 2003 оноос хачигт боррелиоз,  2005 оноос хачигт риккетсиоз өвчнүүд шинээр  оношлогдож,  халдварт өвчний бүртгэл, мэдээлэлд оруулсан.
1.     Хачигт энцефалит өвчин
Хачигт энцефалит нь флавивирүсээр үүсгэгдэн иксодын төрлийн хачгаар дамжин халдварлаж , төв болон захын мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээн  эмнэл зүйн олон хэлбэр, явцаар илэрдэг, байгалийн голомтот халдварт өвчин юм. 
Үүсгэгч: Үүсгэгч вирус нь Европын, Сибирийн, Алс Дорнодын гэсэн 3 дэд хэв шинжтэй. Алс Дорнодын хачигт энцефалитын вирусээр үүсгэгдсэн энцефалит нь эмнэл зүйн хувьд хүнд хэлбэрээр тохиолдож, нас баралт өндөртэй байдаг. Манай улсад Сэлэнгэ аймгаас түүвэрлэсэн Ixodes persulcatus зүйлийн хачигнаас Сибирийн дэд хэв шинж болох Васильченко, Заусаев омгийг, мөн Булган аймагт хачигт энцефалитаар өвчилсөн өвчтөнөөс Алс Дорнодын дэд хэвшинж болох  TBEV-MN-2008 омгийг тус тус ялгасан.
Тархалт:Манай улсад Ixodes persulcatus зүйлийн хачиг нь Хэнтий, Хангайн нурууны ой модтой бүс нутагт тархсан бөгөөд хачгийн тоошил, халдварын тархалт нь газар бүрт харилцан адилгүй. Судлаачид уг хачгийн халдварын тархалт манай оронд 3.4% гэж тодорхойлсон. Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Орхон, Дорнод зэрэг 8 аймгийн ой, тайгын бүсийн 29 сумын нутагт хачигт боррелиоз, энцефалитын зөөвөрлөгч хачиг Ixodes persulcatus-ын 71  байгалийн голомт байдгийг эрдэмтэд тогтоосон. 
2003-2013 онд 10 аймгийн 29 суманд хачигт энцефалитын нийт 225 тохиолдол бүртгэгдсэн. Булган аймгийн Бугат, Тэшиг, Хишиг-Өндөр, Хялганат, Булган, Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугант, Мандал, Орхонтуул, Түшиг, Шаамар, Дулаанхаан, Хүдэр, Цагааннуур, Хушаат, Сүхбаатар, Хэнтий аймгийн Биндэр, Батширээт, Дадал, Хэрлэн, Дархан-Уул аймгийн Дархан сум, Баянхонгор аймгийн Өлзийт, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагааннуур, Мөрөн, Чандмана-Өндөр, Архангай аймгийн Их тамир, Орхон аймгийн Баян-Өндөр зэрэг ойн бүсийн сумд болон Улаанбаатар хотод хачигт энцефалит бүртгэгдсэн байна. 
Халдвар дамжуулагч, тээгч: Дамжуулагч хачиг нь ойн хулгана, үхэр, хонь, ямаа, чоно, үнэг, буга, бор гөрөөс, зурам зэрэг 250 гаруй зүйлийн том, жижиг хөхтөн амьтад, 100 гаруй төрлийн шувуунд шимэгчилдэг. Хачгийн шүлсний булчирхай, үржлийн эрхтэнд вирус үржиж зэрлэг амьтдаар дамжин байгальд тархан голомт үүсгэдэг, зэрлэг амьтад, мал ихэвчлэн тодорхой шинж тэмдэггүй далд хэлбэрээр өвчилдөг.
Description: C:\Users\User\Desktop\index.pngЗураг 1. Хачигт энцефалит, боррелиозын  дамжуулагч Ixodes persulcatusхачиг
Халдвар дамжих зам: Халдвар  хүнээс хүнд дамжихгүй, харин эхээс урагт халдвар дамжих эрсдэлтэй. Вирусээр халдварлагдсан хачиг хүн, амьтадын цус сорох үед         вирусыг цусанд дамжуулах мөн хоол боловсруулах замаар(халдвар авсан ямаа, үхрийн түүхий сүү, мах) халдварлана. 
Өртөмхий бие: бүх насныхан уг халдварт өртөх эрсдэлтэй
Нууц үеийн хугацаа: 7-14 хоног